Өнөөдөр дүн өвлийн цаг ирж байгааг илтгэн өглөөг шинэхэн цасаар угтсан өдөр байлаа. Халуун дулаан цаг агаар солигдож жиндүү хүйтний улирал эхлэх нь байгалийн нэгэн үзэгдэл билээ. Угаас л байгаль эх дэлхийтэйгээ зохицон амьдрах нь хүмүүн бидний ёс учир байгалийн уур амьсгалын өөрчлөлт буюу цаг агаарын өөрчлөлт бидэнд асар их хамааралтай юм. Иймээс ер нь цаг агаар улс орнуудын эдийн засагт ямар нөлөө үзүүлдэг талаар авч үзэцгээе.
1. Алдагдсан хөдөлмөрийн бүтээмж
Их хүйтний үед ч юм уу эсвэл аливаа нэгэн ширүүн цаг агаарын үед ажилчдын хөдөлмөрийн бүтээмж ажиглагдахуйц хэмжээгээр буурдаг. Тэд даарч бээрснээсээ болоод ч тэр үү эсвэл зүгээр л харанхуй бүүдгэр цаг агаарын эрхээр ажиллах эрч хүч нь тодорхой хэмжээгээр буурдаг байх нь. Түүгээр зогсохгүй, их бороотой эсвэл цасан шуургатай үед хүмүүс дэлгүүр хэсээд байх нь юу л бол. Тиймээс аж ахуй нэгж болон дэлгүүрийн орлого эрс буурдаг байх нь. Цаашлаад ярвал хүмүүсийн худалдан авалт буурах нь жилийн ДНБ-н үзүүлэлтэд хүртэл тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлөх юм.Факт дурдвал АНУ-д тохиосон нэг өдрийн цасан шуурга боломжит 500 сая долларын орлогыг үгүй хийсэн байдаг (Panalytics).
2. Худалдааны гэнэтийн өсөлт
Ширүүн цаг агаарын мэдээ хүн болгоныг сэрэмжлэх байдалд аваачдаг. Маргаашаас эхлээд эрс хүйтэрнэ эсвэл өндөр градусаар хална гэх зэрэг мэдээг хүмүүс сонсоод шатахуун бензинээ дүүргэхээс эхлээд ус ундаагаа цуглуулах гэх зэргээр худалдан авалт огцом өсдөг байна. Худалдан авалт өсөх нь дотоодын эдийн засагт сайн хэдий ч энэхүү эффект нь түр зуурынх байдаг. Түүгээр зогсохгүй байгалийн онц ноцтой үзэгдлийн дараа даатгалын эрэлт ихээр нэмэгддэг байна. Жишээ их зудын дараагаар малчид малаа даатгуулах нь ихэсдэг байна.
3. Хэрэглээний зардлын өсөлт
Цаг агаарын ямар ч төрлийн таагүй нөхцөлд цахилгааны зардал нэмэгддэг байна. Халууны үед сэнс, айр кондишн зэрэг ихээр хэрэглэх ба хүйтний үед халаагуур гээд л цахилгааны зардал нэмэгдэнэ. Энэ их цахилгааны эрэлтийг хангахын тулд улсын хэмжээнд илүү ихээр нүүрсний зардал гарах юм. Энэ мэтээр гинжин хэлхээ мэт үргэлжлэх билээ.
4. Хохирлын зардал
Цастай үед цас арилгах зардал, давс цацах гээд нэлээдгүй хэмжээний мөнгө улсын данснаас хасагддаг. Борооны улирлын үед үер уснаас хамгаалах далан шуудуу гээд л бас зардал гарна. Зөвхөн эрсдэлээс сэргийлж эдгээр зардал гарах бол нэгэнт хохирол учирсан бол түүний дараах зардлын тоо хэмжээ нэлээдгүй их байдаг. Үерт нэрвэгдсэн айл өрхөд нөхөн олговор, гэмтэж эвдэрсэн барилга далан шуудуу, гудамж замын засвар гээд л ар араасаа урсаж өгнө. Хүчтэй салхи шуурганд шонгийн мод гэмтсэн бол цахилгаан тасалдах бөгөөд түүний засвар гээд ёстой гарч өгөх нь байна.
5. Сэтгэл зүй
Цаг агаар гэдэг яг тийм гээд тааварлахад тун хэцүү. Ямар сайндаа цаг уурынхан худлаа ярьдаг гэдэг үг бидний дунд байдаг. Маргааш эрс хүйтэрнэ гэчхээд нар шарсан өдөр байхыг нь яана. Эсвэл нартай гэж мэдээлээд цасаар шуурсан үе бидэнд зөндөө л таарсан байх. Энэхүү тааварлашгүй байдал нийт хүн амын дунд сөргөөр нөлөөлдөг бөгөөд цаг агаараас болсон энэхүү сөрөг үзүүлэлт дам нөлөөгөөр эдийн засагт сөргөөр нөлөөлдөг байх нь.
Г.Дөлгөөн