August 7, 2017

Фиат мөнгө буюу итгэлцэл

119775-OPOL6F-554Мөнгө. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг цөөхөн хэдхэн зүйлсийн нэг. Мөнгө бидний амьдралд хамгийн том нь биш юмаа гэхэд хангалттай хэмжээний зайг эзэлдэг. Гэвч бидний цөөхөн хэд маань л энэхүү мөнгө гээд байгаа цаасан тэмдэгтийн нэршил болон цаад үнэ цэнийг ойлгодог байх.

Бидний одоо хэрэглэж байгаа энэхүү цаасан мөнгийг ФИАТ мөнгө гэж нэрлэдэг. ФИАТ гэдэг нь латинаар “let it become/let it be” буюу болтугай гэсэн утга илэрхийлдэг байх нь. Тэгэхээр,  мөнгө гэдэг бол үнэ цэнэтэй болтугай гээд л хэлчихсэн итгэл үнэмшил дээр тулгуурласан цаас болж таарлаа.

ФИАТ мөнгө буюу цаасан мөнгийг үнэ цэнэтэй болгодог ганцхан зүйл нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр буюу тухайн улсын засгийн газар нь л энэхүү цаасан мөнгө нь үнэ цэнэтэй бөгөөд тухайн заасан тоон үнэ цэнийг илэрхийлнэ гээд л хэлчихсэн байгаа юм. Ингээд бодоод үзэхээр, бид зүгээр л үнэ цэнэтэй гэдэгт нь итгэдэг учраас энэхүү цаасан мөнгийг амьдралынхаа нэг хэсэг болгочихсон байгаа юм. Нэг өдөр дэлхий дээрх бүх хүн яагаад энэ цаасанд үнэ цэнэ байгаа юм бэ гэсэн эргэлзэх бодолтой сэрлээ гэж бодоход л дэлхийн эдийн засаг газартай шороо бужигнуулаад л унана. Яг үнэндээ бол энэхүү цаасанд үнэ цэнэ байхгүй буюу бид энэхүү цаас үнэ цэнэтэй гэсэн итгэл дээрээ л тулгуурлан ашигладаг. Ингээд бодоод үзэхээр бидний амьдрал бүгд итгэлцэл дээр тулгуурладаг байх нь. Санхүүгийн амьдрал, эдийн засаг хүртэл итгэлцэл байх нь.

Мэдээж, ФИАТ мөнгөнд хэд хэдэн сул тал бий.

1. Засгийн газарт буюу тухайн улсын эрх бүхий байгууллагад мөнгө хэвлэх эрх бий

Хэдийгээр улс орны шийдвэр гаргагчид мөнгө хэвлэх шийдвэрийг хөнгөн хуумгай гаргадаггүй ч гэлээ, хамгийн гол нь тэдэнд шийдвэр гаргах эрх нь бий.

2. ФИАТ мөнгө үргэлж үнэ цэнээ алдаж байдаг

Учир нь гэвэл энэхүү мөнгө маань цаасан. Хуучирсан, урагдсан мөнгийг мөнгөн урсгалаас гаргаж оронд нь шинэ мөнгө хэвлэх шаардлага жил бүр гардаг. Ихэнх тохиолдолд шинээр хэвлэгдэж байгаа мөнгөн дэвсгэртийн тоо устгалд орж байгаа мөнгөний тооноос илүү байдаг тал бий. Тиймээс ч зах зээл дээрх мөнгөний нийт нийлүүлэлт байнга ихсэж байдаг гэж хэлж болно. Ингээд л нийт мөнгөний нийлүүлэлт өсөж цаашид мөнгөний үнэ цэнэ унаж инфляц үүсэх нөхцөл бүрэлдэж байдаг.

3. Хуурамчаар мөнгө үйлдвэрлэх магадлал ихэснэ

Хуурамч мөнгө илэрлээ гэх мэдээ хэдхэн жилийн өмнө маш их явдаг байсныг санаж байна уу. Учир нь цаасан мөнгөн дэвсгэртийг үйлдвэрлэх бололцоо маш өндөр тул хуурамчаар хийх явдал их гардаг.


Ингээд харахнээ, бидний дунд орших асар том итгэлцэл гэдэг зүйл дээр л улс орнуудын эдийн засгийн үндэс нь тавигдсан байдаг байх нь.

Г.Дөлгөөн



Related Posts with Thumbnails