July 5, 2017

Өдөр тутмын эдийн засаг: Аз жаргалын эффект

Нартай зуны эдгээр өдрүүдэд эдийн засгийн танд хэрхэн санагдаж байна? Муудаж байна уу, сайжирч байна уу, таг хэвэндээ зогсчхож уу? Манай улсын одоогийн макро эдийн засгийн үзүүлэлтээс хархад дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны эхний улиралд 4,2 хувийн өсөлттэй, инфляц 2,1 хувь дээр за тэгээд төлбөрийн тэнцлийн алдагдал багассан байна гээд цаасан дээр гарсан тоог харахад бол сэргэж буй шинж байна. Харин та бүхэнд хэрхэн мэдрэгдэж байна? Эерэг үү сөрөг үү?
Олон улсын нэр хүндтэй их сургууль болон судалгааны байгууллагуудын сүүлийн үеийн судалгаанаас харахад сөрөг буюу гутранги үзэлтэй байх нь эдийн засагт нөлөөлдөг байх нь. Хэрэв та аз жаргалтай байвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. Эдийн засаг муу байхад яаж аз жаргалтай байх юм бэ гэж та асууж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр эдийн засаг танд нөлөөлдөгтэй адилаар та ч эдийн засагт нөлөөлдөг байх нээ. Түүнчлэн, санхүү эдийн засгаас үүдэлтэй бус аз жаргал баяр баясгалан маш их бий. Тэгэхээр ер нь хувь хүний ерөнхий төлөв , баяр баяслын хэмжээ нь (санхүү эдийн засгаас үүдэлтэй байх албагүй) эдийн засагт нөлөөлнө.
Өөдрөг үзлийн эдийн засаг
Миамигийн бизнесийн их сургуулиас хийсэн судалгаан дээр хүмүүс нь илүү өөдрөг мужийн хувьд эдийн засгийн уналт сул, эдийн засгийн өргөжилт тэлэлт хүчтэй, сэргэлт хурдан байдаг гэжээ. Судалгааны хүрээнд хувь хүний өөдрөг байдлыг цаг агаар, спортын өөдрөг үзэл, улс төрийн өөдрөг үзлийн хэмжээн дээр тулгуурлан гаргасан байна. Нэг үгээр хэлбэл, дулаан нарлаг өдрүүд хүмүүсийг өөдрөг үзэлтэй болгодог бол дэмждэг спортын баг нь уралдаан тэмцээнд амжилттай байвал мөн л тухайн хүн өөдрөг зантай байдаг байх нь. Хувь хүний дэмждэг улс төрийн нам засгийн эрхэнд байхад тухай хүн мөн л өөдрөг байдаг аж. Ингээд эдийн засагтай шууд хамааралгүй эдгээр зүйлсээр хүний өөдрөг байдлыг хэмжээнд эдийн засгийн үзүүлэлтүүдтэй харилцан хамаарал буюу корреляц байгаа эсэхийг судлахад өөдрөг хүмүүс ихтэй муж нутагт эдийн засгийн байдал эерэг байсан нь тогтоогдсон байх нь.
Ингээд харахад бид одоо энэ зуны цагт сэтгэл хангалуун амарч, наадмын сайхан амралтаар аз жаргалтай байх л хэрэгтэй байх нь. Мэдээж л ямарваа нэгэн зүйлийг болохгүй нь гэж бодоод байвал болдоггүй. Тиймээс л эдийн засагт хүртэл өөдрөг хүлээлттэй байх нь эерэг үр дүнг авчирдаг байх нь. Энэ бол Аз жаргалын  эффект, өөдрөг үзлийн эдийн засаг.

Г.Дөлгөөн

Related Posts with Thumbnails