March 4, 2016

Өдөр тутмын эдийн засаг: Санагалзахуйн ЭЗ буюу хуучны дуу

 

stockvault-blank-vintage-postcard---sepia-grunge142051

Хамтлаг дуучид шинээр гаргаж буй уран бүтээлээ яагаад хуучны пянзан дээр хэвлэн гаргадаг вэ? Яагаад хүмүүс тэрхүү хуучны пянзыг худалдан авдаг вэ? Загвар нь хуучирсан гэж үздэг ч хүмүүс РЕТРО хувцас болон барааг яагаад худалдан авсаар байна вэ? Жишээ нь бидний ээж аавын үед гарч байсан ИНЭЭМСЭГЛЭЛ хамтлаг хэдхэн жилийн өмнө дахин нэгдэж цомгоо гаргасныг санаж байгаа байх. Энэ үед цомог нь олдохгүй болтлоо зарагдаж тоглолт нь хүн багтахгүй дүүрч байлаа. Бид нар ч гэсэн Камертон, Номин Талстын тоглолт болоход эргэлзэлгүйгээр билетийг нь худалдан авдаг. Хэдий нэг л дуулдаг дуугаа дуулах ч гэсэн, хэдий ямар ч дууг нь бид интернетээс сонсож чадах хэдий ч тухайнтоглолтод гүйн очдог. Зарим залуус МОРТАЛ КОМБАТ-н шинэ тоглоом гарахад уухайн тас очоод л авдаг. Бүр зарим хуучны СЕГА консолыг өндөр үнээр хайж олдог. Энэхүү логик бус худалдан авалтуудыг тайлбарлахын тулд санагалзахуйн эдийн засаг гэх ухагдахуун орж ирдэг.

Эдийн засгийн онолын хувьд, бид хүмүүсийг рационал шийдвэр гаргадаг гэж үздэг. Зөвхөн онол ч гэлтгүй, бодит амьдрал дээр ч бид өөрсдийн сэтгэл ханамжийг дээд цэгт хүргэсэн логик сонголтуудыг хийдэг. Жишээ нь та гар утас худалдан авах боллоо гэж үзвэл хуучин утаснаас илүү шинэ утас танд илүү их сэтгэл ханамжийг өгнө. Эсвэл хуучны Nokia авч байснаас IPhone авах нь илүү логиктой сонголт байдаг. Ерөнхийдөө авч үзвэл, шинээр гарч буй бараа бүтээгдэхүүн нь худалдан авагчдад илүү их сэтгэл ханамж болон боломж бололцоог санал болгож байдагтай хэн ч маргахгүй биз. Гэвч зарим хүмүүс бүр хуучирчихсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах сонирхолтой байдаг буюу ихэнх хүмүүсийн хувьд энэ нь рационал биш сонголт болдог. Зөвхөн зарим ч гэлтгүй бүх хүмүүст энэхүү жирийн бус үзэгдэл илэрч болох юм. Тэгвэл тухайн хуучны зүйлсийн юу нь бидний сонирхлыг татаж, худалдан авах хүслийг төрүүлж байна вэ?

Тэгэхээр буцаад хуучин СЕГА хүмүүс яагаад худалдан авдаг эсвэл хуучны пянз хэрхэн одоог хүртэл худалдаанд байсаар байгаа талаарх асуултууд дээр очье. Эдгээр сонголтуудад хуучнаа санагалзах тэрхүү мэдрэмж маш том нөлөө үзүүлсэн байдаг. Дахин нэг сонирхолтой жишээ авбал бидний мэдэх алибаба гэх үрлэн чихэр байна. Удаан хугацааны туршид хараагүй байж байгаад санаандгүй байдлаар дахин Алибаба-г оллоо гэж бодвол нэлээдгүй олон хүмүүс бодох зүйлгүйгээр шууд л худалдан авалт хийнэ. Энэ бас л хуучнаа дурсах сэтгэгдлээс үүдэлтэй юм. Тухайн бараа бүтээгдэхүүнтэй холбогдох дурсамж, сэтгэл хөдлөлүүд нь тухайн хүнд маш үнэ цэнэтэй байдаг бөгөөд дахин тухайн үеийн сэтгэл хөдлөлөө олж авахыг эрмэлздэг.  Зарим тохиолдолд энэ төрлийн чанарууд нь хүмүүсийг шинэ зүйл худалдан авахад нөлөө үзүүлдэг. Та нарын хэд чинь ХАРРИ ПОТТЕР-н шинэ ном гарлаа гэвэл худалдан авалт хийх вэ? Хариулт нь бараг л бүгд. Иймээс л залуус Мортал Комбат-н шинээр гарсан тоглоом болгоныг авч тоглодог байхад охидууд Fifty Shades of Gray-н дахин нэг ном гарвал урт дараалалд зогсох нь гарцаагүй. Эдгээр бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ нь хүмүүсийн хувьд томоохон дурсамж үлдээсэн байдаг бөгөөд зөвхөн энэ шинж чанар нь хүмүүст худалдан авалт хийхэд нь гарцаагүй нөлөөлдөг.

Санагалзахуйн эдийн засгийн үндсийг мөн цуглуулгын зах зээлээс олж харж болно. Зоос, марк, хуучны машин эсвэл бүр олон жил дарсан вино ч энэхүү зах зээлд хамаарна. Хүмүүс үүнийг ховордолттой холбон тайлбарлах нь элбэг боловч яг үнэн хэрэгтээ ховордсон гэдэг үзүүлэлт нь хангалтгүй юм. Хуучны зоос ихэнх хүмүүсийн хувьд ямар ч үнэ цэнэгүй бөгөөд өнөөгийн нийгэмд ашиглах боломжгүй. Хуучны машин авлаа гэхэд орчин үеийн машинуудтай өрсөлдөх чадвар маш бага бөгөөд та тэрхүү хуучин машинаа унаад яваад байх нь юу л бол. Тэгвэл энэхүү асуултад хариулт өгөхийн тулд “Субъектив Үнэ цэнийн онолыг” татан оруулъя. Энэхүү онолын үүднээс бараа бүтээгдэхүүний үнэ цэнэ нь зөвхөн худалдан авагчийн тухайн бүтээгдэхүүнийг үнэлж буй үнэлэмжээс хамаардаг. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд ямар зардал гарсан нь бус зөвхөн худалдан авагчид энэ нь чухал бараа мөн үү үгүй юу гэдэг нь тухайн барааны зах зээлийн үнийг тодорхойлдог. Түүнчлэн, санагалзахуйн эдийн засаг биднийг саналгалзахуйн аялал хийхийг хүртэл ятгадаг. Жишээ нь оюутан насаа гадаад улсад өнгөрөөсөн нэгэн байлаа гэж бодвол олон жилийн дараа тухайн улсруугаа буцан аялах хүсэл маш их байх бөгөөд энэ нь санагалзахуйн аялалд хөтөлдөг.

10, 20 жилийн өмнө гарч байсан дууг бид одоо хүртэл сонсоод сэтгэл хөөрдөг шиг зарим зүйлс хуучин эсвэл хэрэгцээгүй нь үл хамаарч бидэнд ихээхэн үнэ цэнийг хадгалж байдаг. Энэхүү үнэ цэнэ байгаа цагт Санагалзахуйн ЭЗ биднийг үргэлж замчилж байхнээ.

Г.Дөлгөөн

1 comment:

Related Posts with Thumbnails