March 6, 2017

Монгол улсын хүрэх ёстой хөгжлийн түвшин, үүнд иргэн хүний оруулах хувь нэмэр


Олон тоосго нийлж байж л байшин босдог. Нэгж тоосго болгоны чанар сайн байж л чанартай бат бөт байшин сүндэрлэх ажээ.
Улсын хөгжил гэж юу вэ? Хэр өндөр түвшний хөгжилд хүрэх нь бидний зорилго вэ гэдгийг тодорхойлохоос өмнө хөгжил гэж яг юуг хэлэх вэ гэдгийг суурь үндэсийн хувьд тодорхойлох нь зүйтэй гэж үзэв. Улсын хөгжил зөвхөн эдийн засгийн үзүүлэлтүүд нэмэгдэж сайжирч буйгаар хэмжигдэх зүйл биш бөгөөд энгийнээр илэрхийлэхэд тухайн улсын иргэн бүр эдийн засаг болон нийгэм, эрүүл мэнд, боловсрол ба хувь хүний хувьд бүхий л талаараа эерэгээр өөрчлөгдөхийг хэлнэ. Хөгжил бол эерэг өөрчлөлт бөгөөд тухайн улсын иргэн бүрт мэдрэгдэж байж улсын хэмжээний хөгжил гэж үзнэ. Мэдээж эдийн засгийн өсөлт зайлшгүй байх нөхцөл мөн ч хүрэлцээтэй нөхцөл биш гэдгийг ойлгох нь зүй ёсны хэрэг болов уу. Тиймээс Монгол улсын хувьд хүрвэл зохих хөгжлийн түвшин нь зөвхөн эдийн засгийн дэвшилтээр хэмжигдэх учир үгүй юм. Хөгжил дэвшилд зааглах эцсийн цэг байхгүй бөгөөд бид зөвхөн цаг хугацаагаар л хязгаарлагдаж буйг хүн болгон ухамсарлах нь зүйтэй. Иймийн учир илүү оновчтой асуулт бол Монгол улс хэрхэн зөв замаар тогтвортой хөгжсөөр байх вэ? Хэр өндөр түвшний хөгжилд хүрэх нь зөв вэ гэдэг нь зохимжгүй асуулт бөгөөд бид хөгжил дэвшлээс хэзээ ч ханаж болохгүй бөгөөд тодорхой хөгжлийн түвшинд хүрэхэд тухайн нөхцөлд илүү олон асуудлууд урган гарах ба тэр хүрсэн дэвшил маань тухайн үед энгийн зүйл болж дахин дэвжиж хөгжихийг нийгэм шаардсаар байх болно. Бидний гол зорилго бол тогтвортой хөгжлийн замаар урагшлах юм.
Иргэн хүний хамгийн ихээр тус болж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах арга зам маш энгийн бөгөөд энэ нь өөрийн мэдлэгээ нэмэх юм. Цаашдаа өөрчлөлтийг хүлээн авах чадвартай иргэдтэй байж бид хөгжинө. Харин боловсролтой буюу мэдлэгтэй иргэд л энэхүү өөрчлөлтийг хүлээн авч чадах чадвартай байх бөгөөд эдгээр иргэд маань л эерэг өөрчлөлтийг зөв замаар авч явах, нийгмийн болон улс төрийн , эдийн засгийн зөв шийдвэрийг гаргах ёстой. Боловсролоо дээшлүүлж илүү их мэдлэгийг хуримтлуулж мөн нийгэмд идэвхтэй байж өөрийн дуу хоолойг өөр хэн нэгнээр бус өөрөө хүргэж сурах нь иргэн хүнээс гарч болох хамгийн өндөр хувь нэмэр болно. Бид зөв замаар хөгжил цэцэглэлтэд хүрэх эсэх нь эцсийн дүндээ бидний гаргаж буй шийдвэр нь зөв үү үгүй юу гэдэг дээр л зангилагдаж байдаг. Хөгжилд хөтлөх шийдвэр бодлого нь зөвхөн бодлого баригчдад, улс төрийнхөн, томоохон пүүс корпорацуудад байдаг гэсэн ойлголт маш буруу бөгөөд эцсийн том хүч, унтаж буй бар бол ард иргэд байдаг. Төрөөс гаргаж буй шийдвэр буруу байсан ч түүнийг  мэдээд хэлэх иргэд дутмаг байгаа нь хөгжлөөс чирээд буй хэн ч хэлэхгүй байгаа шалтгаан бөгөөд иргэд маань болвсрол тааруу байна. Боловсрол нь мэдлэг болон сэтгэхүйн чадварыг өндрөөр дээшлүүлдэг. Боловсролтой буюу мэдлэгтэй хүмүүс тодорхойгүй болон хүнд хэцүү байдалд хамгийн зөв шийдвэрийг гаргадаг. Мэдлэгтэй хүмүүс л өөрчлөлт шинэчлэлийг илүү хүлээж авахдаа сайн бөгөөд тэрхүү өөрчлөлт нь зөв үү буруу гэдэгт дүн шинжилгээ хийх чадавх илүү тул зөв шийдвэрийг гаргах магадлал тун өндөр. Боловсролтой иргэдэд бодон тунгаах, өөр өнцгөөс нь харах, туйлшрахгүй байх, бусдын санал бодолд дүн шинжилгээ хийж бусдын зан чанар болон бодол санааг хүлээн зөвшөөрөх, ойлгох чадвар илүү суусан байдаг. Тиймээс улс төрийн хувьд ч гэсэн бусдыг тархи угаалтад бага автдаг өөрийн шийдвэрийг маш сайн тунгаан бодож, олон талаас нь харсны эцэст гаргах бөгөөд энэ нь өөрөө эрх баригчдыг илүү ухаалаг буюу зөв бодлого барихаас өөр аргагүй болгож шахаанд оруулдаг ажээ. Иргэд нь ухаалаг, мэдлэгтэй байхад шийдвэр гаргагч нар түүнээс илүү ухаалаг байх хэрэгтэй болно, мөн түүнчлэн иргэд ухаалаг байхад бизнесийн орчин илүү их өрсөлдөөнтэй болж түүний дундаас хамгийн шилдэг санаа шийдэл урган гарч бизнес хөгжих ба иргэд нь ухаалаг, мэдлэгтэй байхад ажилчдын ажлын бүтээмж эрс дээшилж цаашлаад гайхалтай шийдлүүд урган гарч нийт эдийн засагч эерэг нөлөө үзүүлнэ. Боловсролтой ухаалаг иргэд зөвхөн эдийн засгийн үзүүлэлт бүх зүйл биш гэдгийг мэдэх тул байгаль орчин, эрүүл мэнд гээд бүх салбар орхигдолгүй жинхэнэ тогтвортой хөгжлийг цогцлоож чадна. Ухаалаг ба мэдлэгтэй иргэд, төрөөс юуг хүсэхээ мэднэ, мөн төрийн шийдвэр зөв бурууг ч шүүх цэнлүүртэй байх тул улс төрийн шийдвэр болон хууль эрх зүйн орчин ч дээшилж, улсаас явуулж буй эдийн засгийн бодлогууд илүү оновчтой бас хүртээмжтэй болж эхлэх бөгөөд илүү ухаантай иргэдтэй байхад бэлэн мөнгө тараах улиг болсон стратегид хэн ч дахин хууртахгүй болно. Иргэд ухаалаг , мэдлэгтэй боловсролтой тул олон нийтийн дуу хоолой байнга гарч тэнэг юм шиг дүлий дүмб суудаг цаг өнгөрч, хүн болгон хувьцааний зах зээлийн мэдлэгтэй болж санхүү болон эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх тул төрөөс явуулж буй эдийн засгийн бодлого хэр оновчтой хэн нэгнээр хэлүүлж хэдхэн тоо статистикт хууртахгүй дүгнэх чадвартай болно.
Баладачи 2008[1] онд хийсэн судалгаагаар эдийн засгийн өсөлт болон улсаас гаргаж буй боловсролын зардал хоёрын хооронд эерэг хамааралтай байгааг тогтоосон байдаг. Түүнчлэн 2009 онд хийгдсэн Эдийн засгийн өсөлтөнд оруулах боловсролын хувь нэмэр[2] гэх судалгаагаар бага, дунд болон дээд сургуулийн элсэлтийн хэмжээ нь эдийн засгийн өсөлтөнд шууд эерэг нөлөөтэй байгааг гаргаж ирсэн байдаг бөгөөд энэхүү үр дүн нь 1992 онд хийгдсэн Манкиу, Ромер ба Вейл[3] нарын болон 1991 онд хийгдсэн Баррогын судалгаануудаас гарсан үр дүнтэй ижил байдаг байна. Түүнчлэн, 1991 онд Дэлхийн Банкны хийсэн судалгаанаас авч үзэхэд боловсрол нь хүмүүсийн өөрийгөө болон дэлхийг авч үзэх бодлийг өргөжүүлж баяжуулдаг ба хувь хүний амьдралын түвшинд эерэг нөлөөтэйгээр барахгүй цаашид  нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг байна. 1998 онд хийгдсэн Лопезийн судалгаанд[4], ямар ч улс орон боловсролд хөрөнгө оруулалт хийхгүйгээр эдийн засгийн хөгжилд хүрсэн тохиолдол үгүй гэж тодотгосон байдаг.
Боловсролтой хүмүүс эрүүл мэнддээ санаа тавих нь илүү байх тул нийт улсын хүн амийн эрүүл мэндийн түвшин эрс сайжирч эрүүл мэндийн салбар зарцуулж буй төсөвт эрс хөнгөлөлт үүсгэнэ. Боловсролтой хүмүүс байгаль орчин хэр их чухал вэ гэдгийг сайн мэдэх тул байгаль орчин ээлтэй төсөл хөтөлбөрийг дэмжиж, байгальд хор нөлөөтэй зүйлд эрс эсрэг байр суурийг барьж нийгмийн шийдвэрт нөлөөлнө. Мэдлэгтэй ухаалаг иргэдтэй байхад хөрөнгийн хуваарилалт жигд явагдаж ядуу буурайн тоо эрс багасаж, мэдлэгтэй иргэдтэй байхад нийгэм доторх зөрчил эрс буурч, үйлдвэрлэлийн бүтээмж дээшилж шинэлэг шинэ технологийн дэвшил нэвтэрч, дэд бүтэц болон үйлдвэрлэлийн чухлыг ойлгон дэмжиж эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлж эцсийн эцэст Монгол улс зөв замаар хөгжих болно. Тиймээс иргэд өөрийн боловсролоо нэмж өөрсдийн мэдлэгээ зузааруулах нь Монгол улсын хөгжил цэцэглэлтэд хамгийн хүчтэйгээр бөгөөд цаашид урт хугацаанд байнга нөлөөлөх хамгийн шилдэг хүчин зүйл байх болно гэдэгт итгэлтэй байна.  

Г.Дөлгөөн




[1] E. Baldacci, C.Benedic, Social Spending, Human Capital, and Growth in Developing Countries, 2008.
[2] Arusha V. Cooray , The role of education in economic growth University of Wollongong, 2009.
[3] Mankiw, Romer and Weil (1992).
[4] E. Lopez, Patricia Gurin, Education and Understanding Structural Causes for Group Inequalities, 2008.

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails