March 16, 2017

Өдөр тутмын Эдийн засаг: Татвар

Бидний улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа нэгэн хэлбэр нь татвар юм. Ямар ч улсын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах гол санхүүгийн их үүсвэр нь татварын орлого болдог. Татварын орлогоос дэд бүтэц болон нийгмийн халамж зэрэг зүйлсийг санхүүжүүлдэг тул бид татвараа төлснөөр иргэд өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийж байна гэж ойлгох нь зүйтэй. Тиймээс татварын талаар заавал мэдэх ёстой тойм мэдээлэлийг хүргэе.
Татвар нь ШУУД болон ШУУД БУС гэж 2 ангилагдах бөгөөд шууд татвар нь орлогын албан татвар зэрэг татвар төлөгчийн орлого, ашгийн дүнгээс шууд хамааруулан авч байгаа татварыг хэлдэг бол шууд бус татварт НӨАТ буюу бараа үйлчилгээний үнээр дамжуулан авч байгаа татварыг хэлдэг.
Хувь хүний хувьд: Орлогын татвар, Хэрэглээний татвар, Хөрөнгийн татвар, Өв залгамжлал, бэлэглэлийн татвар зэргийг төлнө. Хувь хүний орлогын хамгийн том эх үүсвэр нь цалингийн орлого буюу хөдөлмөр эрхэлсний орлого байдаг. Монгол улсад одоогийн байдлаар ХХОАТ-н хувь хэмжээ 10% байдаг.

ТООЦООЛОЛ: 1,000,000 төгрөгийн цалинтай бол НДШ 10%-г төлсний дараа татварт ногдох орлого 900,000₮ болно. Үүнээс ХХОАТ 90,000₮ бөгөөд ХХОАТ-н хөнгөлөлт буюу (84,000₮/12сар) 7000₮-г хасаж 83,000₮-г татварт төлнө. Ингээд эцсийн дүндээ 1,000,000-100,000-83,000=817,000₮-г гар дээрээ авна. 

Олон Улсын Валютын Сангийн EFF Хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж ХХОАТ-н хувь хэмжээнд өөрчлөлт оруулах болсон бөгөөд дараах байдлаар өөрчлөлт хийгдэхээр яригдаж байна. Ирэх 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орлогын түвшингээс хамааруулж шатлал тогтоон 10, 15, 20, 25 хувиар орлогын албан татвар ногдуулах хувилбарыг танилцуулсан. Энэ нь 1,500,000 хүртэл төгрөгийн цалинтай бол ХХОАТ 10% хэвээрээ байна.

Тодруулбал:
1,500,000 - 2,500,000 -   төгрөгийн цалинтай бол 15%
2,500,000 - 3,500,000 -төгрөгийн цалинтай 20%
3,500,000-aaс дээш төгрөгийн цалинтай бол 25%  
Дээрх цалингийн шатлал нь НДШ, ЭМДШ-ийг хассан буюу татвар ногдуулах орлогын хэмжээ болно.

АНХААР: Энэхүү шатлал нь орлогын зөрүүд дээр оногдох тул  та 2,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр) бол шууд 15 хувиар татвар төлөхгүй. Харин 1,500,000 хүртэлх орлогодоо 10%, 1,500,000 дээш орлогодоо буюу 500,000 төгрөгтөө 15%-ийн татвар төлнө. 3,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртэлхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртэлхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, үлдэх 500,000 төгрөгтөө 20%-ийн татвар төлнө гэсэн үг юм. 4,000,000 төгрөгийн цалинтай (НДШ, ЭМДШ хассан дүнгээр)  бол 1,500,000 хүртэлхдээ 10%, 1,500,000 - 2,500,000 хүртэлхдээ буюу 1,000,000 төгрөгтөө 15%, 2,500,000 - 3,500,000 төгрөг хүртэлх буюу 1,000,000 төгрөгтөө 20%, үлдэх 500,000 төгрөгтөө 25%-ийн татвар төлнө.

Түүнчлэн жилд үзүүлэх татварын хөнгөлөлтийн хэмжээг дараах байдлаар үе шаттайгаар нэмэгдүүлэхээр төлөвлөөд байна:
2018 онд 120,000,
2019 онд 160,000,
2020 онд 200,000,
2021 оноос эхлэн 240,000 төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөсөн байна.
Түүнчлэн, Хувь хүнд ногдох татвараас чөлөөлөх буюу хөнгөлөлт үзүүлэх олон янзын хэлбэр байдаг. Эдгээрээс цухас дурдвал
·         Тэтгэвэр, тэтгэмж, төлбөр
·         Даатгалын нөхөн төлбөр
·         Малын тоо толгойд ногдох орлого
·         НӨАТ-н урамшууллын орлого
·         Албан татвар төлөгчийн төрсөн буюу үрчилсэн хүүхэд гадаад дотоодын их дээд сургууль, коллежид байгаа бөгөөд түүний сургалтад төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээнд хөнгөлөлт үзүүлнэ.
·         Мөн суралцаж байх хугацаандаа хөдөлмөрийн орлого олж албан татвар төлсөн бөгөөд улмаар сургалтын төлбөр төлсөн суралцагчийг мөн хөнгөлөлтөд хамааруулна.
·         Газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрын татварыг 95%-р хөнгөлнө.
·         Орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.

Татварын хөнгөлөлт буюу чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх баримтыг эндээс үзнэ үү.


Г.Дөлгөөн 

No comments:

Post a Comment

Related Posts with Thumbnails