Стивен Хаукинг (Stephen Hawking) гэх энэ эрдэмтэнийг мэдэхгүй хүн ховор болов уу. Миний хувьд түүний бичсэн “Цаг хугацааны товч түүх” болон Universe in a Nutshell гэх номнуудыг уншиж байсан ба та нар ч бас уншиж байсан гэдэгт итгэлтэй байна. Хаукинг Кембрижийн их сургуульд математикийн тэнхимийн проффесор байсан бөгөөд квантын татах хүчний онол болон хар нүхний талаарх олон янзын шинжилгээ судалгаа хийж тухайн салбарт гаргасан онол болон ололтоороо хүн бүхний танил болсон билээ. Харамсалтай нь энэ их мэдлэг чадвар үнэгүй ирсэнгүй бөгөөд Хаукинг мэдрэл-булчингийн сулралын маш ховор өвчтэй нь оншлогдсон бөгөөд эд залуу цагаас хойш өвчин нь даймжирсаар бие нь бүрэн мэдээгүй болжээ.
Энэхүү кино нь Профессор Хаукинг-н амьдралын замналыг харуулсан бөгөөд өөрийн ховор тохиох өвчинтэй тэмцэж, хүсэл зорилгоо хаяхгүйгээр эцсийн үзэхээр зориглон тэмцэж байгааг бидэнд үзүүлэхээр зорьжээ. Зарим талаар Жон Наш-н талаарх “A BEAUTIFUL MIND” кинотой ихээхэн төстэй харагдаж болох юм. Хэрэв та “A BEAUTIFUL MIND” кинонд дуртай бол энэхүү киног үзэх л хэрэгтэй. 2015 оны ОСКАРЫН наадамд шилдэг кино, гол дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин, гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчэн ба бусад 2 төрөлд нэр дэвшиж буй.
Жүжиглэлтийн хувьд энэ оны хамгийн шилдэг хэмээн олон тооны кино критикүүд үзэж байгаа бөгөөд миний хувьд ч санал нийлж байна. Хамгийн сүүлд Ахмад Флиппс гэх кинонг үзээд л Том Ханкс-г ямар гайхалтай жүжиглээ вэ хэмээн бишэрч байж билээ. Харин энэ удаа Эдди Редмайне-н (Eddie Redmayne) жүжиглэлт намайг дахин дуу алдуулж чадсан юм.
Эдди, професср Хаукинг-н дүрийг мэргэжилийн дээд түвшинд бүтээсэн бөгөөд булчингийн сулралын өвчинг хэрхэн үзүүлсэн нь гайхалтай гэж хэлхэд хүргэж байлаа. Үл мэдэгдэх бяцхан үйл хөдлөлөөр хүний биеийн байдалыг бусдад харуулж чадна гэдэг мэдээж Оскарт нэр дэвшихэд хангалттай үзүүлэлт болов уу. Киноны хувьд ч Скрипт сайтай бөгөөд энэ нь Хаукинг-н эхнэрийн бичсэн "Travelling to Infinity: My life with Stephen" гэх намтар номноос скриптээ авсантай холбоотой биз. Онолын болон бусад эрдэм шинжилгээний ярианууд хэр зөв болохыг сайн мэдэхгүй учир энэ талаар ярихыг хүссэнгүй. Зураг авалтын тал дээр элдэв янзын эффект байхгүй 60 аад оны Англи улсыг сайн харуулж хийгдсэн тул энэ тал дээр ч муулах зүйл олдохгүй нь. Киноны эхэнд зураг авалт илүү их хурдацтай төлөвтэй буюу дүрс хурдан солигдож мөн камер хурдтай хөдөлж байсан бөгөөд үүгээрээ Хаукинг өвчнийхөө өмнө ямар их эрч хүчтэй байсныг харуулахыг зорьсон болов уу. Киноны дундаас буюу Хаукинг-н өвчин хүндэрч эхлэх үеэс камер илүү их жүжигчидтэй ойртож нүүр царайг сайтар харуулж мөн удааширч илүү тогтуун болж байв. Ер нь л зураг авалтын хувьд өндөр түвшинд хийгдсэн. Миний хувьд энэ кинонд маш өндөр үнэлгээ өгч байгаа бөгөөд Оскарт нэг юм дуулгах болов уу хэмээн найдаж байна.
Үнэлгээ: 9|10 (“A BEAUTIFUL MIND” киноны олон хэсэгтэй төсөөтэй санагдсан бөгөөд шууд төгс кино байна гэсэн сэтгэгдэл төрөөгүй тул 9 оноо өгөв)
Хэрэв та ямар кино үзэх вэ гэж бодож байгаа бол энэхүү киног санал болгож байна.
No comments:
Post a Comment